Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/mnnhrcgo/public_html/hrd/index.php on line 111 Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home1/mnnhrcgo/public_html/hrd/engine/modules/show.custom.php on line 98 ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн илгээлт
 ХҮН БОЛЖ ТӨРСНИЙ ХУВЬД ХҮН БҮР ИЖИЛ ҮНЭ ЦЭНЭ, АДИЛ ХҮНДЭТГЭЛИЙГ ЭДЛЭХ ТӨРӨЛХӨӨС ЗАЯАСАН ЭРХТЭЙ

Монгол орны минь өнцөг булан бүрт амьдарч буй эрхэм хүмүүн бүрт олон улсын хүний эрхийн өдрийн 65 жил, Венийн тунхаглал батлагдсаны 20 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье.

"Хүн болж төрсний хувьд хүн бүр ижил үнэ цэнэ, адил хүндэтгэлийг эдлэх төрөлхөөс заяасан эрхтэй” гэсэн үзэл санааг дэлхийн түвшинд анх гаргаж тавьсан "Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталсан 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон Нэгдсэн Үндэстний Байгууллагаас шийдвэрлэн, улмаар жил бүр дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ.

Мөн 1993 оны 6 дугаар сарын 25-нд Австрийн Вена хотноо зохион байгуулсан Хүний эрхийн Дэлхийн Бага Хурлаас дэлхийн хүн төрөлхтний хүний эрх, эрх чөлөөний суурь баримт бичиг болсон "Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл санааг дахин баталгаажуулж хүний эрхийн асуудлыг шинэ түвшинд гаргаж тавьсан юм.

Энэ жилийн хүний эрхийн өдрийг Венийн тунхаглал батлагдсаны 20 жилийн ойтой холбоотойгоор "Хүний эрхийн төлөөх он жилүүд” уриан дор тэмдэглэх бөгөөд улс орон бүр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах асуудлаар хүрсэн ололт, амжилтаа дүгнэн цаашид хийх ажлаа төлөвлөн өнгөрүүлэхийг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газраас уриалжээ.

Монгол Улсын хувьд сүүлийн 20 жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх асуудлаар чамлахааргүй амжилт олоод байна. Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан 20 гаруй олон улсын гэрээ, конвенцэд нэгдэн орж, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль зэрэг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон багц хуулиудыг батлан гаргасан байна.

Түүнчлэн УИХ-ын бүтцэд Хүний эрхийн дэд хороо байгуулж, Хүний эрхийн Үндэсний Комисс, Авилгатай тэмцэх газар, Захиргааны хэргийн шүүх, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Хүүхдийн төлөө үндэсний газар, Жендэрийн үндэсний хороо зэрэг байгууллагуудыг бий болгосон нь хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хүний эрхийн үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон юм.

Цаашид хүрсэн ололт амжилтаа улам бататган хүн бүр эрхээ бодитойгоор эдлэх нөхцлийг бүрдүүлэх, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомжийн бодит хэрэгжилтийг хангах, төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бүрэн хангах, эрх нь зөрчигдөх эрсдэл бүхий хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хэрэгжилтэд илүү анхаарал хандуулах, иргэдийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажил бидний өмнө хүлээж байна.

Хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах нь ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйл бөгөөд төр, иргэний нийгэм, олон улсын болон бизнесийн байгууллага, хүн нэг бүрийн үүрэг юм.

Иймээс энэхүү үйлсэд хамтран зүтгэж буй та бүхэнтэй хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Монгол Улсын Хүний эрхийн 
Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж

Онцлох сэдэв
Дүрс бичлэг

2012 ОНЫ ОУХЭ-ИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХУУДАС


2011 ОНЫ ОУХЭ-ИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ХУУДАС